БЯМБАЖАВЫН БАТ-ЭРДЭНЭ
/1974-2025/

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дорноговь ЦТСС-ын Замын-Үүд хэсгийн дарга Бямбажавын Бат-Эрдэнэ нь өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Б.Бат-Эрдэнэ нь 1974 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. 1982-1990 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын 8 жилийн дунд сургуулийг төгсөн, 1990-1993 онд Цахилгаан шугам сүлжээний монтёрын мэргэжил эзэмшиж, 1995-1998 онд Улаанбаатар Төмөр Замын Коллежийг Цахилгаан хангамжийн техникч, 2003-2007 онд ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн их сургуулийг Цахилгаан станц, цахилгаан сүлжээ системийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1993 онд УБТЗ-ын Ус хангамжийн 2-р ангид засварын монтёроор эхэлж, 2003 онд Замын-Үүд сум төвийн эрчим хүчний системд холбогдон Дорноговь ЦТСС-ын Замын-Үүд хэсэг үүсэн байгуулагдахад анхны хэсгийн мастераар 2009 он хүртэл ажиллаж, 2009 оноос хойш Хэсгийн дарга, ашиглалт засварын инженерээр ажиллаж байлаа.
Б.Бат-Эрдэнэ нь ажиллаж байх хугацаандаа Замын-Үүд хэсгийг анх байгуулагдсан цагаас эхлэн өнөөгийн түвшинд хүртэл бат суурьтай болгож чадсан бөгөөд шинээр ажилд орсон инженер, техникийн ажилтан, монтёруудыг ажлын байран дээр нь зааж сургах, аюулгүй ажиллах арга барилд дадлагажуулах, цахилгаан тоног төхөөрөмж болон тэдгээрийн засвар үйлчилгээг хэрхэн хийх арга мэдлэгийг олгоход өөрийн туршлага, ур чадвараа харамгүй өгч сургасан билээ.
Тэрээр хэсгийн ажлын байр, ажилчдын орон сууц болон 2024 онд шинээр Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн барилгыг санаачлан бариулж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, хэрэглэгчид тав тухтай орчин нөхцөлд үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна Замын-Үүд хэсгийн хуваарилах шугам сүлжээ, дэд станцуудын техник ашиглалтын түвшин 50 хувь байсныг 95 хувьд хүртэл дээшлүүлэн Замын-Үүд сумын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр тасралтгүйгээр ханган ажиллахад өөрийн алсын бодлого, холч ухаан, туршлага, хичээл зүтгэлээрээ хамт олноо удирдан зохион байгуулсан билээ.
Б.Бат-Эрдэнэ нь улсад 35 жил ажиллахдаа компанийн төдийгүй эрчим хүчний салбарын хамт олны дунд нэр хүндтэй, бидний итгэлийг даасан, найдвартай, удирдан зохион байгуулах чадвартай, шулуун шударга, мэдлэг чадвартай, байнгын шинийг эрэлхийлэгч, олон жилийн ажил бүтээлтэй, бидний үлгэр дуурайлал болсон тэргүүний удирдагч, инженер байсан ба 2007 онд Замын-Үүд сумын “Шилдэг залуу”, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2006 оны “Аварга мастер”, 2010 оны “Хөдөлмөрийн аварга ажилтан”, 2016 оны “Шилдэг удирдагч”-аар шалгарч байлаа.
Б.Бат-Эрдэнийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг төр засгаас үнэлэн, 2011 онд ЭХЭБЯ-ны “Жуух бичиг”, 2012 онд “Эрчим хүчний тэргүүний ажилтан” , 2017 онд “Хөдөлмөрийн Хүндэт медаль”, 2017 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.
Түүний шударга хөдөлмөрч, хичээнгүй, тусч, нийтэч, хүнлэг энэрэнгүй сайхан чанар, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин дурсагдах болно.
Ум ма ни бад мэ хум
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь БЗӨБЦТС ТӨХК-ийн нийт хамт олноос гүн эмгэнэл илэрхийлье.
