- НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- ХОЁР. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- ГУРАВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ, АВАХТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН БҮРДҮҮЛЭЛТ
- ДӨРӨВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- ТАВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ОЛГОХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ
- ЗУРГАА. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
- ДОЛОО. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХҮСЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
- НАЙМ. ТӨЛБӨР ТООЦОО
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч БЗӨБЦТС ТӨХК-ийг (цаашид “Техникийн нөхцөл олгогч” тал гэх) техникийн нөхцөлийн хүсэлт гаргасан хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийг (цаашид “Техникийн нөхцөл хүсэгч” тал гэх) хоорондын харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл” нь техникийн нөхцөл хүсэгчид зориулагдсан хэрэглэх чадал, хүчдэлийн түвшин, техникийн холболтын цэг, гүйцэтгэх ажлын чиглэл, техникийн цогц шаардлагуудыг тодорхойлж, баталгаажуулсан баримт бичиг байна.
1.3 Цахилгаан эрчим хүчээр хангагдах зорилгоор түгээх сүлжээнд холбогдох, цахилгаан тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх, шинээр барилга байгууламж барьж байгуулах, өргөтгөх тухай бүрдээ иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна.
1.4 Хэрэглэгчийн хүсэлтээр төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр болон захирамжлалын баримт бичиг, түгээх сүлжээний ачаалал горимын тооцоо, барилга байгууламжийн зураг, схем, газрын зөвшөөрөл зэргийг үндэслэн техникийн нөхцөл олгоно.
1.5 Жил бүрийн оны эхний сард багтаан түгээх болон нам хүчдэлийн хуваарилах сүлжээ, дэд станц, хуваарилах байгууламжууд дээрх цахилгаан эрчим хүчний чадлын нөөцийг хүчдэлийн түвшин бүрээр тооцон гаргаж цахим хуудсанд байршуулсан байна.
1.6 БЗӨБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрт орших үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, дэд станц, шугам тоноглолыг өмчлөгч, эзэмшигч, хэрэглэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
ХОЁР. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1 Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 1.4 дэх заалтын дагуу техникийн нөхцөлийг дараах байдлаар олгоно. Үүнд:
2.1.1 6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн 1 МВА-аас дээш цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас
2.1.2 1 кВ ба түүнээс дээш хүчдэлийн түвшинд 1 МВА-аас доош бага цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг БЗӨБЦТС ТӨХК-иас
2.1.3 1 кВ хүртэлх нам хүчдэлийн хуваарилах сүлжээ, хуваарилах самбар, дэд өртөөнөөс холбогдох хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг БЗӨБЦТС ТӨХК-ийн харьяа салбаруудаас тус тус олгоно.
2.2 Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг объектод ажил гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлуудад 2 жил, хэрэглэгч иргэн болон хуулийн этгээдийн хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад 1 жилийн тус тус олгоно. Техникийн нөхцөл олгосон хугацаанаас хойш 1 жилийн дотор нэг удаа 1 жилээр сунгаж болно.
2.3 Техникийн нөхцөл хүсэгчийн өргөдөл, албан бичиг, тодруулах хуудсыг компанийн web хуудасны baganuur@bnedo.mn хаяг болон компани, салбарт гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, иргэн хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох боломжтой эсэх хариуг мэдэгдэнэ.
2.4 Иргэн, хуулийн этгээдийн объект нь зураг төслийн явцад цахилгааны ачаалал нь анхны авсан техникийн нөхцөлд заасан хүчин чадлаас нэмэгдэж өөрчлөгдсөн тохиолдолд шинээр дахин хүсэлт гаргаж техникийн нөхцөл авна.
2.5 Техникийн нөхцөл олгосон өдрөөс хойш тухайн шугам сүлжээнд өөрчлөлт /хүчин чадлыг ихэсгэх, багасгах, схем өөрчлөгдөх, татан буулгах гэх мэт/ орвол компани, салбарын техникийн нөхцөл олгох ажлын хэсэг тухай бүрд нь техникийн нөхцөл хүсэгч, захиалагч буюу зураг төслийн байгууллагад мэдэгдэж техникийн нөхцөлийг тодотгох, эсвэл хэрэглэгчээр шинэ хүсэлт гаргуулна.
ГУРАВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ, АВАХТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙН БҮРДҮҮЛЭЛТ
3.1 Техникийн нөхцөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бүрдүүлж ирүүлнэ Үүнд:
3.1.1 Хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ болон Үйл ажиллагаа явуулах “Тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээний хуулбар
3.1.2 Газрын эрхийн гэрчилгээний болон кадастрын зургийн хуулбар
3.1.3 Техникийн нөхцөл олгох барилга байгууламжийн архитектурын төлөвлөлтийн даалгавар, загвар зураг
3.1.4 Шаардлагатай ачааллын тооцоо ( хүчин чадлын кВт-аар илэрхийлэх)
3.1.5 Хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн албажуулсан зөвшөөрөл
3.1.6 Техникийн нөхцөл олгогчоос өгсөн тодруулах хуудас буюу цахилгаан эрчим хүчний хэрэглээний судалгаа (кВт); ТХ-1, ТХ-2, ТХ-3, ТХ-нэмэлт
3.2 Техникийн нөхцөлд дараах асуудлыг судалж тусгасан байна. Үүнд:
3.2.1 Техникийн нөхцөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг
3.2.2 Техникийн нөхцөл хүссэн байршил;
3.2.3 Ажил, үйлчилгээний зориулалт;
3.2.4 Олгосон буюу суурилагдсан хүчин чадал;
3.2.5 Холбогдох цэг (дамжуулах, түгээх сүлжээний шугам, дэд станцын нэр, өргөтгөл хийх хэсгийн хүчдэлийн түвшин, шугамын төрөл, дэд станцын хүчин чадал);
3.2.6 Тоолуур, хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага;
3.2.7 Шинээр холболт хийх, ачаалал нь нэмэгдсэнтэй холбогдуулан дамжуулах, түгээх сүлжээний шугам, дэд станцыг өргөтгөх шаардлага;
3.2.8 Реле хамгаалалт, автоматикийн байгууламжид тавих шаардлага;
3.2.9 Реактив чадлын зохицуулалт;
3.2.10 Цахилгаан эрчим хүчний чанарыг хянах хэрэгсэл, чанарын үзүүлэлтийг тогтворжуулах төхөөрөмжийн хэрэгцээ; Объектод тавигдах тусгай шаардлага;
3.2.11 Техникийн нөхцөлийн тусгай заалт хэсэгт нэмэлт шаардлага (ижил маягийн цахилгаан тоног төхөөрөмж, тоноглол суурилуулах, цаашид ухаалаг сүлжээ үүсгэх боломж зэрэг) тусгах;
3.2.12 Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжид тавих тусгай шаардлага (гэнэтийн гэмтэл саатал, аваарын үед ашиглах бэлтгэл тэжээлийн схем, хэрэглэх цахилгааны бие даасан үүсгүүр (цахилгаан эрчим хүчний суурин (хангагчийн) үүсгүүрээс хамааралгүйгээр хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр тэжээх боломжтой үүсгүүр) гэх мэт);
3.2.13 Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдал;
3.2.14 Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа;
3.2.15 Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам.
ДӨРӨВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1 БЗӨБЦТС ТӨХК-ийн үйлчлэх хүрээнд техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх хоёр ажлын хэсэг ажиллана. Үүнд:
4.1.1 Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон Түгээх үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд захирал, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг;
4.1.2 Салбарын даргын тушаалаар томилогдсон Түгээх үйл ажиллагаа хариуцсан менежер, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг.
4.2 Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн сондгой тоотой бүрэлдэхүүнтэй байх ба хоёр долоо хоногт 1 удаа цахимаар хуралдаж байна.
4.3 Гишүүдийн ажил, орлож ажиллах зохион байгуулалтыг ажлын хэсгийн дарга хариуцна.
4.4 “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн гишүүд нь техникийн нөхцөл хүсэгчдийн ирүүлсэн материал, горимын тооцоолол, схемийн шийдэл, техникийн нөхцөлийн төсөлтэй танилцаж, зохих шийдвэрийг гаргахад саналаа өгч ажиллана.
4.5 Техникийн нөхцөлийн хурал болохоос 3 хоногийн өмнө техникийн нөхцөл хариуцсан инженер хурлаар орох хүсэлтүүдийг “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-т танилцуулна. Салбарын түгээх үйл ажиллагаа хариуцсан менежер, ерөнхий инженерүүд тус хүсэлтүүдийг хэрхэн шийдэх саналаа албан бичгээр Түгээх үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд захирал, ерөнхий инженерт ирүүлнэ.
4.6 Техникийн нөхцөл хариуцсан инженер техникийн нөхцөл хүссэн материалыг татан авч, тухайн холболт хийх цэгийн дэд станц, хуваарилах байгууламж, цахилгаан тоноглолын суурилагдсан хүчин чадал, горимын тооцоолол, өвлийн их ба зуны бага ачааллын хэмжилтүүдийг үндэслэн төслийг боловсруулах ба тодруулах шаардлагатай материалыг тодруулах, “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн хурлаар хэлэлцүүлж, ажлын хэсгийн шийдвэрийг тусган ТҮАХБХ-ийн дарга, ажлын хэсгийн даргаар хянуулж, гүйцэтгэх захирлаар баталгаажуулан хэрэглэгчид хүргүүлнэ.
4.7 Харьяа салбаруудын хэмжээнд олгох техникийн нөхцөлийг ажлын хэсгийн нарийн бичиг боловсруулан “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн хурлаар хэлэлцүүлж, ажлын хэсгийн шийдвэрийг тусгаж, Түгээх үйл ажиллагаа хариуцсан ерөнхий инженерээр хянуулан гарын үсэг зуруулсныг тухайн Салбарын дарга баталж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
4.8 Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын захирамжаар хэд хэдэн объектод хамтатган газар эзэмшүүлэх тухай зөвшөөрөл олгосныг тэдгээр объектуудыг бүхэлд нь хамарсан нэгдсэн шугам сүлжээ, дэд станц барих боломжийг судлан, горимын тооцоог хийж, техникийн нөхцөлийн төслийг боловсруулж, техникийн нөхцөл олгох асуудлыг ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэнэ.
4.9 Шинээр баригдах объектын барилга угсралтын ажил явагдах байршил, суурилагдах хүчин чадлыг газар дээр нь судалж, техникийн нөхцөл хүсэгчээс ирүүлсэн цахилгааны ачаалал, шугам сүлжээнд холбогдох хүсэлтийг цахилгаан шугам сүлжээний өнөөгийн болон хэтийн төлөвлөлтийн нөхцөл байдалтай уялдуулан хот, аймгийн төв, сум, дүүргийн хэтийн төлөв, инженерийн тооцоо судалгаан дээр үндэслэн техникийн дүгнэлтийг техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
4.10 Техникийн нөхцөл хүсэгч тал нь тухайн эрчим хүчний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ техникийн нөхцөлд заасны дагуу “ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК АШИГЛАЛТЫН ДҮРЭМ”, “МОНГОЛ УЛСЫН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙГУУЛАМЖИЙН ДҮРЭМ”, холбогдох дүрэм, заавар, удирдамж, материалын шаардлагыг бүрэн хангаж тухайн орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон сүүлийн үеийн техникийн дэвшил, стандарт шаардлагыг хангасан тоног төхөөрөмж сонгоно.
4.11 Техникийн нөхцөл хариуцсан инженер нь техникийн нөхцөлийн хоёр хувь бичиж нэг хувийг техникийн нөхцөл хүсэгч иргэн, хуулийн этгээдэд олгож, нэг хувийг тодруулах хуудсын хамтаар архивт шилжүүлж хадгална.
4.12 “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг” нь энэхүү “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам”-ыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, зохих дээд шатны байгууллагад техникийн нөхцөл олгох, түгээх сүлжээнд холбогдох болон бусад дүрэм, журмуудад санал өгөх мөн санал асуулгад хариу хүргүүлэх зэргээр идэвх санаачилгатай ажиллана.
ТАВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ОЛГОХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ
5.1 Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн шийдвэрийг үндэслэн техникийн нөхцөл олгохоос татгалзаж болно. Үүнд:
5.1.1 Эх үүсвэр, холбогдох цэгийн хүчин чадал хүрэлцэхгүй;
5.1.2 Шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь тухайн орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй, тухайн орчинд нийтийн зориулалт бүхий цахилгаан сүлжээ үүсгэх боломжийг хаасан эсвэл хаах тохиолдолд;
5.1.3 Цахилгаан эрчим хүчний найдваржилтийн I зэрэглэлийн хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулж болзошгүй тохиолдолд;
5.1.4 Тухайн нэгдсэн сүлжээний чадал нэвтрүүлэх болон шингээх чадвар хүрэлцэхгүй, горим ажиллагааны хувьд ажиллах боломжгүй бол;
5.1.5 Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу цахилгаан, дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвасын зөрчилтэй бол;
5.1.6 Харьяалал, өмчлөл, эзэмшлийн хувьд боломжгүй байдалтай;
5.1.7 Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан хүчин чадал хүссэн тохиолдолд.
5.1.8 Газрын маргаантай болон газрын гэрчилгээ, баталгаажсан кадастрын зураг, хүсэлт, бусад бичиг баримтын эзэмшигчийн нэр зөрсөн байх,
5.2 Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн шийдвэрийг үндэслэн хүчингүйд тооцно. Үүнд:
5.2.1 Техникийн нөхцөл авахдаа шаардлагатай өгөгдлүүдийг буруу тодорхойлсон, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон;
5.2.2 Техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацаанд цахилгаан түгээх, хангах сүлжээнд холбогдоогүй тохиолдолд;
5.2.3 Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулах хүсэлтийг техникийн нөхцөл олгогч талд гаргаагүй;
5.2.4 Техникийн нөхцөлд заасан холбогдох цэгийн хүчин чадлыг дур мэдэн хэтрүүлсэн нь тогтоогдсон;
5.2.5 Иргэн нас барсан, компани дампуурч үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй болж, улсын бүртгэлээс хасагдсан;
5.2.6 Техникийн нөхцөл хүсэгч тал нь техникийн нөхцөл олгох, цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаатай холбоотой цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, “Эрчим хүчний тухай хууль”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, “Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийн дүрэм”-үүдийг ноцтой зөрчсөн тохиолдол зэрэг болно.
ЗУРГАА. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
6.1 Техникийн нөхцөлийг боловсруулахдаа харьяа цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон бусад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн шугам тоног төхөөрөмжөөр дамжуулан объектыг холбох тохиолдол бүрт тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг албан бичгээр авч техникийн нөхцөл олгоно.
6.2 Иргэн, хуулийн этгээд нь объектыг барих явцад цахилгаан эрчим хүч хэрэглэх шаардлага гарвал түр холболт хийх техникийн нөхцөл хүсэж болох бөгөөд “Техникийн нөхцөл олгох ажлын хэсэг”-ийн хурлаар шийдвэрлэн боломжтой тохиолдолд ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн түр техникийн нөхцөл олгоно.
6.3 Техникийн нөхцөл олгогч, хүсэгч талууд нь объектыг түгээх сүлжээнд холбоход үүсэх түгээх болон нам хүчдэлийн сүлжээ, дэд станц, хуваарилах байгууламж, кабель, агаарын шугам зэргийн схем, трассын өөрчлөлт, зураг төслийн талаар техникийн нөхцөл олгогч мөн харьяалах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран зөвшилцөж, нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн байна.
6.4 Техникийн нөхцөл хүсэгч нь олгогдсон техникийн нөхцөлийн заалтыг зөрчвөл “Эрчим хүчний тухай” хуулийн 32 дугаар заалтыг үндэслэн техникийн нөхцөл хүсэгчийг эрчим хүчний хэрэглээний зөрчлийг арилгах хүртэл цахилгаан эрчим хүчээр хангахаас түдгэлзүүлнэ.
6.5 Техникийн нөхцөлийн инженер нь олгогдсон техникийн нөхцөлийн судалгааг улирал бүр “Эрчим хүчний зохицуулах хороо”-нд тайлагнаж байна.
6.6 Харьяа салбаруудад олгогдсон техникийн нөхцөлийн судалгааг улирал бүр ТҮАХБХ-д албан бичгээр хүргүүлнэ.
ДОЛОО. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХҮСЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
7.1 Иргэн хуулийн этгээдийн объект нь зураг төслийн явцад цахилгаан ачаалал нь анхны авсан техникийн нөхцөлд заасан хүчин чадлаас нэмэгдэж өөрчлөгдсөн тохиолдолд техникийн нөхцөлийг дахин авна.
7.2 Хугацаа дууссан техникийн нөхцөлөөр зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барихгүй байх үүрэг хүлээнэ.
7.3 Техникийн нөхцөлийн шаардлагыг иргэн хуулийн этгээд, зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч болон холбогдох бусад байгууллага биелүүлэх үүрэгтэй.
7.4 Захиалагч иргэн, хуулийн этгээд нь барилга угсралтын ажил эхлэхээс өмнө зураг төслөө зураг төслийн байгууллагатай хамтран олгосон техникийн нөхцөлийн дагуу холбогдох байгууллагаар хянуулж, эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэж баталгаажуулсан байна.
7.5 Техникийн нөхцөл хүсэгч нь техникийн нөхцөл олголтын хүрээнд үүсэх газар дээрх мөн газар доорх инженерийн байгууламж, шугам сүлжээг шилжүүлэх, дэд станцын барилга байгууламжийг өргөтгөх, шинээр барих, нийтийн, бусдын эзэмшлийн зам талбайг сэтлэх болон тэдгээрийг эргүүлэн сэргээн засварлах, орчны тохижилтыг нөхөн сэргээхэд гаргах зардлыг тооцож зураг, төсөлд тусгуулсан байна.
7.6 Техникийн нөхцөл олгогчийн зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн, “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийг зөрчсөн бол “Эрчим хүчний тухай” хуулийн 37 дахь заалт бусад холбогдох дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.7 Техникийн нөхцөл хүсэгч нь “Эрчим хүчний тухай” хуулийн 30.1 дүгээр заалтын дагуу “Техникийн нөхцөл олгогчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй.
7.8 Харьяа цахилгаан дамжуулах сүлжээ болон бусад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн шугам тоног төхөөрөмжөөр дамжуулан объектыг холбох тохиолдол бүрт тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байна.
7.9 Техникийн нөхцөл хүсэгч нь шинээр баригдах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станцын өргөтгөлийн газрын зөвшөөрөл, хамгаалалтын зурвасыг тогтоолгосон албан бичгийг харьяалагдах газрын алба, удирдах дээд байгууллагаас нь гаргуулах бөгөөд объектын ажлын зурагт тусгуулна.
НАЙМ. ТӨЛБӨР ТООЦОО
8.1 Иргэн, хуулийн этгээдийн дэд станц, шугам, тоноглолыг дамжуулах,түгээх сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийн хүсэлтийг судалж боловсруулахад гарах үйлчилгээний зардлыг иргэн, хуулийн этгээд хариуцаж төлнө.
8.2 Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбогдуулан ажлын хэсэг объектыг газар дээр нь судалж, холбогдох дүгнэлтийг гаргах болон олгогдсон техникийн нөхцөлийн дагуу техникийн комисс ажиллах үеийн зардлыг техникийн нөхцөл хүсэгч хариуцна.
8.3 Объектыг түгээх сүлжээнд холбоход техникийн нөхцөл олгогчийн мөн хэрэглэгчийн эзэмшлийн агаарын болон кабель шугамын трассын, хуваарилах байгууламжийн схем, трансформаторын дэд станцын хүчин чадлыг зайлшгүй өргөтгөн өөрчлөлт хийх шаардлага гарсан тохиолдолд холбогдох материалын болон машин механизм, бусад зардлыг техникийн нөхцөл хүсэгч иргэн, хуулийн этгээд хариуцна.
8.4 Техникийн нөхцөлийн хураамжийг БЗӨБЦТС ТӨХК-ийн хаан банкны 5750320587 тоот дансанд төлсний дараагаар хэрэглэгчид нэг хувийг хүлээлгэн өгнө.
8.5 Техникийн нөхцөлийг үндэслэлгүй эсвэл буруу боловсруулан олгосноос техникийн нөхцөл хүсэгчид учирсан шууд хохирлыг техникийн нөхцөл олгогч тал хариуцна.
8.6 Айл өрхийн ахуйн хэрэглээнд 10 кВт хүртэл чадалтай 220 В-ын хүчдэлд холбогдох хүсэлт гаргах тохиолдолд газрын гэрчилгээг үндэслэн техникийн нөхцөл олгох бөгөөд төлбөр төлөхгүй холбох зөвшөөрөл олгоно.